Долоон жилийн төсөл эхэлж байхад бид ийм их зүйл сурч авна гэж бодоогүй | Land Portal

Хүн Төвтэй Байгаль Хамгаалал байгууллагын үйл ажиллагааны нэг чиглэл нь  малчдын, ялангуяа уул уурхайн нөлөөнд өртсөн малчин өрхийн жендэрийн асуудал юм.  Тиймээс ч бид 7 жилийн өмнө Эмэгтэйчүүдийн газар эдэлбэрийн эрхийн баталгаат байдал (ЭГЭЭББ) олон улсын төсөл д нэгдэн орсон.  Хэдийгээр манай байгууллага (ХТБХ) хамтын оролцооны аргаар орон нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалах үйл ажиллагааг олон нөхөрлөлүүдтэй хамтран үндэсний хэмжээнд явуулж байгаа ч төсөл эхлэхэд манай багийнхан болон миний бие Монголд жендэрийн асуудал харьцангуй бага гэж бодож байлаа.  Учир нь манай улс аль 1920-иод онд үндсэн хуулиараа эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийг тунхагласан.

Харин энэ төсөл бидний нүдийг нээж газрын эрх, ялангуяа өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хувьд энэ асуудал нэлээд газар авсныг бидэнд мэдрүүлсэн юм.    Тухайлбал, манай орон чөлөөт зах зээлийн нийгэмд шилжиж байх үе буюу 1990-ээд оны үед сургуулиас завсардсан эрэгтэй хүүхдүүдийн тоо их байснаас өнөөдөр тэд өсч том болсон ч нийгмээс гадуур оршиж байна.

Төсөл эхлэх үед бид нэлээн хэдэн сум орон нутгаар явж эцэст нь Төв аймгийн Борнуур, Дорноговь аймгийн Даланжаргалан, Архангай аймгийн Цэнхэр сумуудад ажиллахаар сонгож авч байлаа.  Социализмаас хойш тус орон нутгуудад уул уурхайн нөлөөллөөр хүн ам өсч, байгаль орчны асуудлууд тэр дундаа бэлчээр ихээр талхлагдаж, малчид дарамт ихтэй болсон. 

Төслийн судалгааны үе шатанд бид оролцооны олон арга техникийг ашиглан малчид, орон нутгийнхны бодит амьдралыг сонсч тэдэнд тулгараад буй олон асуудлыг ойлгон, учир шалтгааны уяа зангилааг тайлдаг байлаа.  Олон удаагийн нарийвчилсан судалгааны дараа бид ЭГЭЭББ төслийн манлайлагч нарын сургалтын хөтөлбөрийг боловсруулж, 2 газар хэрэгжүүлж ажилласан.  Орон нутгийнхан уул уурхайн үйл ажиллагааг сайжруулахад хувь нэмрээ оруулах итгэл үнэмшилтэй болж, тэр бүү хэл манлайлагч нараа өөрсдөө сонгож хууль эрх зүйн болон манлайллын сургалтын хөтөлбөрт хамруулсан юм.  Пүрэвдолгор, Туяа, Одгэрэл гээд олон манлайлагч нар маань өөрчлөлтийн түүчээ болон идэвхитэй үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. 

Энэ хугацаанд манлайлагч нар орон нутагт дан ганц газрын асуудлыг шийдэхэд оролцоод зогсохгүй нийгмийн бусад чухал асуудлууд болох жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүл салалт болон залуу малчдын боломж бололцоо муу байгаа зэрэг асуудлыг шийдвэрлэхийн төлөө хичээн ажилладаг болжээ.  Монгол орны ондоошлын амин сүнс нь нүүдлийн МАА гэж үзвэл бид тус төслийн хүрээнд энэ чиглэлийн олон чухал ажлуудыг хэрэгжүүлсэн гэж бодож байна.

Төслийн хүрээнд ГЗБГЗЗГ-тай хамтран ажиллаж хэрхэн эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн оролцоог жигд хангаж, жендэрийн мэдрэмжтэй газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах зөвлөмжийг хамтран боловсруулан ашиглаж байгаа нь төслөөс гарсан үр дүнг баталгаажуулж байгаагийн илрэл юм.  Бид боловсруулсан зөвлөмжөө Даланжаргалан суманд туршин, жендэрийн тэгш эрхийг хангасан хурал зөвлөлгөөнийг иргэдтэй хамтран зохион байгуулсан. 

Үүний дараа ГЗБГЗЗГ-ын хүсэлтээр зөвлөмжийг багтаасан гарын авлагыг танилцуулах цахим сургалтыг нийт 30 удаа зохион байгуулж, 330 сумын газрын даамал болон холбогдох мэргэжилтнүүдэд хэсэгчилэн хүргэлээ.  Тэрчлэн 21 аймгийн газар зохион байгуулалтын нийт 26 мэргэжилтнүүдэд тэнхимын сургалтыг зохион байгуулж, тэд орон нутагт жендэрийн мэдрэмжтэй, оролцоог хангасан газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулахдаа тус зөвлөмжийг ашиглаж байна. 

ХТБХ-ын багийнхан болон миний хувьд төслийн түгээн дэлгэрүүлэлтийн явцаас мөн л их зүйлийг сурч авлаа.  Учир нь ихэнх төслүүд үр дүнгээ түгээн дэлгэрүүлэхэд бага төсөв цаашлаад бага цаг зарцуулдагийг бид мэднэ.  Харин энэхүү олон улсын ЭГЭЭББ төсөл нь үйл ажиллагаагаа эхлэхтэй зэрэгцэн түгээн дэлгэрүүлэлтээ явуулж, төлөвлөсөн стратегийн дагуу хэрэгжүүлсэн нь үнэхээр суралцмаар зүйл байлаа.  Мокоро дахь төслийн багийнхан болон Танзанийн улсын HakiMadini байгууллагатай хамтран төслийн үнэ цэнэ, гарсан үр дүнд нарийвчлан дүн шинжилгээ хийж, үйл ажиллагаа, арга хэмжээ, арга барилаа боловсруулан, дэлхий нийт, үндэсний, болон орон нутгийн хэмжээнд түгээн дэлгэрүүлж эхэлсэн.  Энэ үйл ажиллагаа цах тахалтай давхацсан учир бид түгээн дэлгэрүүлэх ажлуудаа ихэнхдээ цахимаар явуулж байлаа. 

ЭГЭЭББ төслийн хүрээнд бидний сурсан бас нэг чухал зүйл нь олон улсын хэмжээнд вэбинар зохион байгуулж, тэрчлэн блог бичиж сурсныг энд хэлэх хэрэгтэй.  Хамгийн чухал нь бидэнтэй хамтран ажилласан орон нутгийн манлайлагч нар жинхэнэ түгээн дэлгэрүүлэгч нар байсан бөгөөд тэд орон нутаг болон үндэсний хэмжээнд төслөөс гарсан үр дүнг түгээсэн өөрчлөлтийн түүчээ нар болсон явдал юм.

Жендэрийн тэгш эрхийг тэр бүр нухацтай авч үзэхгүй байгаа төрийн албаныхан одоо ч байгаа хэдий ч бага багаар өөрчлөгдөж байгаа нь бидэнд ажиглагдаж байна.  Бидний хамтран боловсруулсан “Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах явцад олон нийттэй зөвлөлдөх гарын авлага”(Англи Монгол хэлээр дараах линкээр орж татаж авч болно) нь төслийн хүрээнд хийсэн ажлыг цаашид үргэлжлүүлнэ гэж найдаж байна.  Төслийн энэ үе шат өндөрлөж байгаа ч манлайлагч нар болон бидэнтэй хамтран ажилласан төрийн албаны олон албан хаагчид жендэрийн мэдрэмжтэй, оролцоог хангасан газрын засаглалын зарчмуудыг ашиглан, цаашид үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлж ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна. 

Янсанжавын Нарангэрэл нь Хүн төвтэй байгаль хамгаалал ТББ-ын (ХТБХ) гүйцэтгэх захиралаар ажилладаг.  Мөн Англи улсад төвтэй Мокоро ашгийн бус байгууллагаас ХТБХ байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг ЭГЭЭББ олон улсын төслийн ахлах судлаач. 

ЭГЭЭББ төслийн талаар болон төслийн тайлан, материалуудыг дараах линкээр орж харах боломжтой:http://mokoro.co.uk/project/womens-land-tenure-security-project-wolts/ 

Тус нийтлэл нь Англи улс дахь Мокоро байгууллага болон Land Portal олон улсын сангийн цахим хуудсуудад 2023 оны 4 сарын 19-нд нийтлэгдсэн болно

 

Partagez cette page